“Хөвсгөл нуурыг хамгаалах” Үндэсний Чуулган зохион байгуулагдлаа

“Хөвсгөл нуурыг хамгаалах” Үндэсний Чуулган зохион байгуулагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа “Хөвсгөл нуурыг хамгаалах” үндэсний чуулганд ЭкоДэвшилт ТББ оролцож байна. Төрийн ордонд 2-р сарын 23, 24-ны өдөр үргэлжлэх уг чуулганаар “Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах” салбар хуралдаанаар “Хөвсгөл Нуурын Байгалын Цогцолбор Газрын Экосистемийг Хог Хаягдлын Менежментээр Дамжуулан Хамгаалах” төслөө танилцууллаа.

Төслийн хүрээнд хийж гүйцэтгэж буй ажлууд, хамрах хүрээ, зорилтот бүлэг болон хүлээгдэж буй үр дүнгээ Хөвсгөл нуураа хамгаалах үйлсэд гар бие оролцож байгаа бүхий л талуудын төлөөлөлд танилцуулж цаашдын хамтын ажиллагаагаа бэхжүүлсэн өндөр үр дүнтэй чуулган болж өндөрлөлөө.

Бид нэгдэн нийлж хамтын хүчээр Хоймор нутаг, Далай ээж гэгдэн Монголчууд бидний хайрлан хүндэтгэдэг Хөвсгөл нуураа хог хаягдалгүй, бохирдолгүй, Цэнгэг устай, Цээж дүүрэн амьсгалах агаартай онгон дагшин байгальтайгаар нь авч үлдэх, үр хойчдоо үлдээх боломжтой юм гэдгийг нотоллоо.

Чуулганыг санаачлан зохион байгуулсан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танд гүн талархал илэрхийлье.

Хөвсгөл нуурыг хамгаалах Чуулганаар

– Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах

– Хөвсгөл нуурын тогтвортой аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх

– Хөвсгөл нуурын усны бохирдол, чанарын асуудал

– Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажиллагаа гэсэн үндсэн 4 салбар хуралдаануудаар үргэлжилж, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны шийдвэрт хүрэх юм.

Цаашлаад Хөвсгөл нуур орчмын аялал жуулчлалын баазуудын байршлыг хатуу төлөвлөх, ариун цэврийн байгууламж, хог хаягдлын хяналтыг сайжруулах, цэвэр бохир ус, замын дэд бүтцийг системтэй төлөвлөж, улмаар Хөвсгөл нуур орчмын аялал жуулчлалыг шинэ шатанд гаргаж, унаган байгаль, цэнгэг усаа ирээдүй, үр хойчдоо өвлүүлэн үлдээх боломж бүрдэх юм.